ТБД Андууд Групп

ТБД Андууд ХХК нь Монгол Улс зах зээлийн эдийн засгийн нийгэмд шилжсэн эхэн үед үүсэн байгуулагдсан. Монгол Улсын худалдааны хөгжлийн сүүлийн 23 жилийн түүхийг хамт бичилцэж байна.
1996 онд Улаанбаатар хотод Германы өргөн хэрэглээний төрөл бүрийн чанартай бараа бүтээгдэхүүнтэй өөрөө өөртөө үйлчилдэг худалдааны төвийг анх удаа ашиглалтанд оруулж байлаа.
2000 оноос ТБД Андууд Групп болон өргөжиж охин ба харьяа компаниудын менежментийн бодлогыг тодорхойлон ажиллах болов.
Энэ хугацаанд МУ-ын ТОП аж ахуйн нэгжээр жил бүр, нийслэл, дүүргийн тэргүүний ААН, тэргүүний татвар төлөгч, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч компаниар удаа дараа шалгарч гадаад, дотоодод нэр хүнд бүхий үндэсний шилдэг аж ахуйн нэгжүүдийн нэг болон хөгжсөн.
Худалдаа, үйлчилгээний чиглэлээр Лайф Стайл Андууд ХХК, хүнс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр Кайзер Флайшерай ХХК, Эмээлт Прогресс ХХК, экологи, байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн чиглэлээр Арборетум ХХК зэрэг охин, харъяа компаниуд нь эх орныхоо хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж, олон ажлын байруудыг бий болгон салбар тус бүртээ амжилттай үйл ажиллагаа явуулж байна.

Ерөнхийлөгчийн мэндчилгээ

Цахим хуудсанд маань зочилж буй эрхэм Танд ТБД Андууд Группын хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлж, мэндчилье. Анх худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж байсан манай компани өнөөдөр 23 жилийг ардаа орхиж худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбарт хэд хэдэн охин компаниудтай гадаад, дотоодын зах зээлд өндөр нэр хүнд бүхий групп болтлоо өргөжин тэлсэн, үндэсний шилдэг аж ахуйн нэгжүүдийн нэг болон хөгжсөн билээ.
Андуудынхан бидний эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, компанийн бизнесийн тогтвортой хөгжлийг хангах, нийгмийн өндөр хариуцлагатай ажиллах эрхэм зорилгодоо хүрэх үйлсэд цаг ямагт урам зориг, эрч хүч өгч байдаг компанийн ажил үйлсийг түүчээлэн үүрэлцэж явсан ахмадууд, эрхэм үйлчлүүлэгчид, гадаад, дотоодын харилцагч түншүүддээ талархлаа илэрхийлж, та бүхнийхээ хамт зорьсон зорилгоо амжилттай биелүүлж, амжилтаа цаашид ч хамтдаа бүтээлцэнэ гэдэгт итгэлтэй байна. Андуудынхан бид дэлхийн стандарт, дэвшилтэт техник технологи, бараа бүтээгдэхүүнийг эх орондоо нэвтрүүлж, хөдөө орон нутагт шинээр ажлын байрууд бий болгон, дотоодын ба гадаадын зах зээлд эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлж, нийгмийн хариуцлагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн төлөө эрч хүч дүүрэн амжилттай ажиллаж, улам ихийг бүтээх болно.
Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, амжилт хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн ТБД Андууд Группийн Ерөнхийлөгч
С.Баасанхүү

Зөвлөмжүүд

Монголын зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн Герман бараа нийлүүлэх үндсэн санаагаа Герман чанарын үнэлэмжийг хамгийн сайн мэдэх энэ гэр бүл тэрхүү туршлагаасаа авсан.
- Gerhard Thiedemann, German Ambassador
Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн туршлагаасаа та бүхэндээ хүргэж байсныг минь эргэн дурсаж, Улаанбаатар хотод миний нэртэй Кaйзер Флайшерай гэдэг компани байгуулсан тухай сонсоод сэтгэл ихэд хөдөлж билээ. Мөн үйлдвэрийнхээ бүтээгдэхүүний дээжийг байнга ирүүлдэгт би маш их баярладаг. Энэ тухайгаа би мэргэжил нэгт герман нөхөддөө бахархан ярих дуртай.
- Siegfried Kayser
Андууд аль хэдийн үндэсний брэнд болжээ. ТБД компанийн түүх бол хүмүүсийн түүх юм. Цөөн биш хүмүүсийн амьдралын түүх юм. Түүхээ хүн өдөр бүр бичээд байдаггүй ч хамтын сайхан түүхүүд хүний сэтгэлд үлддэг билээ.
- Boroldoi Studio
Манай брэндийг Монгол Улсын Зах зээлд анх танилцуулж, одоо ч харилцан хамтран ажиллаж байгаад бид баярлаж байгаагаа илэрхийлэхийн ялдамд арвин туршлагатай, амжилт ихтэй Та бүхэнтэйгээ хамтран ажиллаж байгаадаа бид бахархдаг.
- Steilmann Group
ТБД Андууд компанийн өсөлт хөгжлийг харж тэрхүү хөгжилд нь манай компанийн өчүүхэн оролцоо байгаа гэдгийг мэдрэхэд үнэхээр баяртай байна.
- Wortmann-Tamaris
Танай хамт олны ачаар манай загварууд алс холын Монголын хэрэглэгчдэд хүрч байгаад талархалаа илэрхийлье.
- Jupiter
Лайф Стайл Андууд нь манай Barutti ба Masterhand загварын брэндийн Монгол Улс дахь хамгийн гол түнш компани байсан бөгөөд одоо ч байгаа, ирээдүйд ч байх болно.
- Barutti
Монголын анхны ууган компаниудын нэг болон үүсэн байгуулагдсан ТБД Андууд групп нь 23 жилийн хугацаанд Монгол улсын хөгжил бүтээн байгуулалт, иргэдийнхээ сайн сайхан амьдралд ихээхэн хувь нэмэр оруулсан төдийгүй өнөөдрийн байдлаар олон салбарт охин компаниудаа байгуулан ихийг хийж бүтээн, улсынхаа эдийн засгийг тэтгэгч аж ахуйн нэгжүүдийн нэг болон төлөвшиж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна.
- Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо
Хувийн хэвшлийн салбар үүсч хөгжих явцад анхдагч нь болж, үйл ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлэн хөгжүүлж, энэ салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж дэлхийн брэндийг Монголын хэрэглэгчдэд таниулсан манай ууган аж ахуйн нэгжүүдийн нэг яах аргагүй ТБД Андууд групп билээ.
- МҮХАҮТ

Шагнал урамшлалууд

Компанийн товч танилцуулга

1992 он ТБД Андууд ХХК үүсэн байгуулагдав.

1993 оны хавар ТБД Андууд компани Берлинд салбараа нээж, орос, герман армийн гутал хувцастай анхны контейнер, автомашинуудаа Монгол руу хөдөлгөв.

1994 оны 2-р сар Германы Goldpoint брэндийн өдөр тутмын гутал ба Nora La Mode бөөний худалдааны компаниас бэлэн хувцас Монгол руу нийлүүлж эхлэв.

1994 оны 3-р сар Герман барааны анхны яармаг худалдааг тухайн үеийн МХЗЭ-ийн зааланд зохион байгуулав.

1994-1996 он Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Завхан зэрэг аймгуудаас нийт 15 мянган толгой хонь бэлтгэн Улаанбаатарын махны үйлдвэрт нийлүүлж, хот суурин газрын хүн амын махны хэрэгцээг хангахад бодитой хувь нэмэр оруулав.

1995-1998 он ХБНГУ-ын EDEKA худалдааны концерноос хүнс, гэр ахуйн бараа импортлон, бөөний худалдааны үйл ажиллагаагаа эхлэв. Монголын үйлчлүүлэгчдэд зориулсан германы хүнс, гэр ахуйн бараатай анхны худалдааны төвийн эхлэл тавигдав.

1997 он CPD/GGDS - Олон улсын загварын яармагт оролцон, Германы Hucke, Steilmann, Wortmann, Wendel, Lloyd, Hoegl, Bush зэрэг компаниудтай шууд харилцаа тогтоов.

1997-1999 он Архангай, Завхан, Хөвсгөл аймгуудаас гуч гаруй мянган толгой үхэр бэлтгэн махны үйлдвэрт нийлүүлж, экспортлов.

1998оны 7дугаар сарын 9 "ТБД Андууд Худалдааны төв”-ийн 2 давхар барилгыг барьж дуусган нээлтээ хийв. Нээлтэнд тухайн үеийн МУ-ын Ерөнхий сайд М.Энхсайхан оролцож "Улаанбаатарт хамгийн анхны баруун Европын стандарттай, өөртөө үйлчилдэг Их дэлгүүр нээгдлээ" гэж онцлон тэмдэглэж байлаа.

1998-2002 он Дэлхийд алдартай Hugo Boss брэндийн эрэгтэйчүүдэд зориулсан бэлэн хувцсыг Монголд анх худалдаалж эхлэв.

1999 он Берлин Косметикс компанийн гоо сайхны бүтээгдэхүүний INDRA- брэнд монгол бүсгүйчүүдийн хамгийн дуртай хэрэглээ боллоо.

1999-2000 он Masterhand фирмийн смокинг Монголд анх удаа худалдаанд гарлаа. Peine групптэй хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэв.

2001 он Монхангай групптэй хамтран Голланд улсаас угамлын тос импортлон "Бөмбөөлэй" нэрийн брэнд бий болгов.

2001 он Германы SPAR NORD-той хамтын ажиллагаа тогтоон хүнс, гэр ахуйн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр импортлодог болов.

2002 он Германы HELIA, METRO, RAU, EDEKA концернуудтай харилцаагаа улам өргөжүүлэв.

2002 он Төвийн бүсэд бөөний худалдааны сүлжээ байгуулах төслийг Орхон аймагт амжилттай хэрэгжүүлэв.

2002 оны 9-р сар Өөрийн хөрөнгө оруулалтаар шинэ техник технологитой Эрдэнэт Прогресс ХХК-г байгуулан Орхон аймагт анхны А зэрэглэлийн итгэмжлэл бүхий мал нядлах ба мах боловсруулах үйлдвэрийн барилгыг барьж ашиглалтанд оруулав. Европийн Холбооны ТАМ хөтөлбөрийг махны үйлдвэртээ амжилттай нэвтрүүлсэн.

2003 он "ТБД Андууд худалдааны төв”-ийн байрны өргөтгөл эхэлж, нийт 4000 м2 худалдааны талбайтай боллоо. Wortmann компанийн Tamaris, Wendel, Marco Tozzi брэндийн гутлын татан авалт нэмэгдэв. Супермаркет, цайны газар, хиам зайдасны үйлдвэр, хүүхдийн тоглоомын талбайтай, брэндүүдээр дагнасан өрөлттэй орчин үеийн шинэлэг их дэлгүүр болон өргөжлөө. Оффисын хэсгийн барилгыг нэмж барин ашиглалтанд оруулав.

2008 он ТБД Андууд ХХК-ийн 15 жилийн ойг үйлчлүүлэгчид, гадаад дотоодын харилцагч түншүүд, ажилтнуудайгаа хамт тэмдэглэв.

2011 он Олон улсын стандартад нийцсэн төрөлжсөн мал махны худалдааны төв, нядалгааны үйлдвэр байгуулах, үйл ажиллагаа эрхлэх зорилгоор Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай Эмээлт Прогресс ХХК байгуулагдав.

2011 оны 9-р сар ТБД Андууд ХХК-ийн бэлэн хувцас, гутлын дэлгүүрийн уламжлал дээр тулгуурлан худалдааны цоо шинэ "Concept Store" хэлбэрийг Монголын худалдааны салбарт нэвтрүүлсэн Лайф Стайл Андууд ХХК байгуулагдав. Герман болон барууны бусад орны дэвшилтэт технологийн дагуу үйлдвэрлэгдсэн хүний биед сөрөг нөлөөгүй хувцас, гутал худалдаалж байна.

2011 он Хиамны цехийн үйл ажиллагааг өргөжүүлж мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Кайзер Флайшерай ХХК үүсэн байгуулагдав.

2011 он Хүнсний дэлгүүрийн өргөтгөл барилгыг шинээр барьж ашиглалтанд оруулав.

2011 оны 11-р сар Монгол Улсад худалдааны салбар үүсч, хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэв.

2012 он Монгол орны ой модыг нөхөн сэргээх, хуурай гандуу нутгийг ойжуулах, уул уурхайн нөхөн сэргээлт хийх, хот сууринг цэцэрлэгжүүлэх зорилгоор Арборетум ХХК-г үүсэн байгуулав.

2012-2013 он Худалдаа үйлчилгээний төвд болон оффисийн барилгад шинээр их засвар хийж тохижуулав. Компанийн төв байранд техникийн иж бүрэн шинэчлэл хийж дуусгав.

2013оны 9-12 сар "Бүтээлч Андууд 100 хоногийн аян”-г амжилттай зохион байгуулснаар жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.

2013оны 12-р сар "ТБД АНДУУД -20” Компани үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэв.

2014-2015 он Кайзер Флайшерай ХХК- нь 2014 оны 9-р сараас эхлэн үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлэв. Булган, Архангай, Хэнтий аймгуудад махны чиглэлийн хонь, үхрийн аж ахуйг хөгжүүлэх, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өргөжүүлэх, өөрийн мах махан бүтээгдэхүүнээр дотоодын зах зээлийн хангамжийг сайжруулах, экспортлох боломжийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн жишиг аж ахуйнуудыг бий болгох, орон нутагт хөдөө аж ахуйн чиглэлээр хөрөнгө оруулалт хийх чиглэлээр БАЯЛАГ ТӨСӨЛ-ийг амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. Хөдөө орон нутагт олон ажлын байрууд бий болгов.

Үг: СГЗ До.Цэнджав
Ая: УГЗ Д.Баттөмөр
Дуучин: Б.Жавхлантөгс

ТБД Андуудын ойд зориулсан хүүхдүүдийн зурсан зурагнуудаас